Гэр хорооллын дахин төлөвлөлт асуудалтай байна
Нийтэлсэн: 12 сар өмнө
Улаанбаатар хотын гэр хорооллын 184.2 мянган айл өрх, гэр хороолол дахь сургууль, цэцэрлэг, эмнэлэг, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн халаалтын зуух­наас гарч буй утаа, тор­тог агаарын бохирдлын 60 гаруй хувийг үүсгэж байгаа.
 
 
Иймд Улаанбаатар хотын экологийн тэнцвэрт байдал, хот байгуулалтын зөв бүтэц, хотын оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх оновчтой бодлого нь гэр хорооллыг орон сууцжуулах, амины орон сууц болгох юм.
 
 
Энэ хүрээнд газар өмчлөгч, эзэмшигч иргэн, хуулийн этгээдийн оролцоотойгоор гэр хороол­лыг дахин төлөвлөж, ин­женерийн төвлөрсөн болон хэсэгчилсэн хангам­ж­тай орон сууцны хороо­лол болгон хөгжүүлэхээр болсон.
 
 
Харин бодит байдал дээр гэр хорооллыг дахин төлөвлөх ажилтай холбоотой асуудлууд гарсаар байгааг иргэд болон албаныхан хэлж байна. Тухайлбал Баянзүрх дүүргийн наймдугаар хо­рооны иргэдийн төлөөлөл болон тухайн газарт орон сууц барих “Гангар инвест” компанийн хооронд үнийн зөрүүтэй саналууд гарч байгаа учраас иргэдэд хохирол учирч болзошгүй байдалд орсон гэнэ. 
 
 
Энэ талаар холбогдох ал­банаас тодруулахад, улс­аас газрын үнийг тогтоож өгөхгүй, иргэд болон хөр­өнгө оруулагч компаниуд хоорондоо харилцан тохирол­цох ёстой гэж байна. 
 
 
Баянзүрх дүүргийн найм­дугаар хороо буюу Улаан­хуаран, Хууль сахиу­лахын их сургуулийн ойр орчимд “Гангар Инвест” компани орон сууцжуулах ажлыг хийхээр иргэдтэй уулзаж эхэлжээ.
 
 
 Гэвч “Гангар Ин­вест” компанийн зүгээс ир­гэд­ийн газрыг бага үн­­ээр үнэлж, түүнчлэн ха­шаан доторх объектыг үнэгүйд­үүлж байгааг иргэд эсэр­гүүцэн мэдээлэл хийсэн юм.  Дахин төлөвлөлт явагдаж, орон сууцжуулах тус газарт 400 гаруй газар өмчлөгч, эзэмшигч иргэд амьдардаг аж.
 
 
Эдгээр иргэдийн газрыг ихэвчлэн 1-2 өрөө байраар солих нөхцөлийг “Гангар Инвест” компанийн зүгээс санал болгож байгаа аж. Гэтэл нэг хашаанд зөвхөн нэг өрх амьдардаггүй, 2-3 айл байдаг учраас 1-2 өрөө байраар сольсноор хохирол­той гэж үзэж байгаа юм. Уг нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн журмын да­гуу иргэдэд дараах нөхөц­лүүдээс сонголт хийх боломж олгосон байна.
 
 
Тухайлбал газраа үнэлүүлээд мөнгөө авах, инженерийн шугам сүлжээнд холбогдож хашаандаа амины орон сууц барих, эсвэл газраа шинээр баригдах орон сууцаар солих гэсэн гэсэн сонголт олгожээ.
 
 
Гэтэл “Гангар Инвест” компанийн зүгээс зөвхөн шинээр баригдах орон сууцаар газраа солих гэсэн нөхцөлийг л танилцуулж, нөгөө хоёрыг нь сонгох боломж олгохгүй байгаа талаар оршин суугчид хэлж байсан юм. 
 
 
Эдгээр иргэдийн зүгээс нийслэлийн захиргаанаас явуулж байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг дэмжиж байгаа ч иргэдийн газрыг хохиролгүйгээр үнэ­лэх шаардлагатай байгааг онцолсон юм.
 
 
Ингээд Баянзүрх дүүр­гийн наймдугаар хорооны иргэн Ж.Дөшбатын ярианаас хүргэж байна. Тэрбээр “Би төрөөс хэрэгжүүлж бай­гаа гэр хорооллоо дахин төлөвлөх, инженерийн шу­гам сүл­жээнд холбох аж­лыг дэмжиж байна. Утаагүй цэвэрхэн орчинд амьдрах хү­сэл нийслэлийн бүх иргэдэд байгаа шүү дээ. 
 
 
Харин “Гангар Инвест” компанийн саналыг эсэр­гүүцэж байна. Учир нь манай газ­рыг нэг өрөө байраар солих санал ирүүлсэн. Би хашаандаа PC тоглоомын газар ажиллуулдаг юм.
 
 
Гэтэл миний хашаан дотор байгаа бай­­шин, үйлчилгээний газ­рыг огт үнэлэхгүй, зүгээр л нэг өрөө байр ав гэж байна. Бид орлогын эх үүсвэрээ алд­чихаад нэг өрөө байранд хоосон хэвтэж байх уу гэдэг нь асуудлын гол болоод байна” гэв.
 
 
Иргэн Л.Амартүвшин “Манай хашаа 400 м.кв талбайтай. Хашаандаа гур­ван айл байдаг. Бид уг нь хашаандаа инженерийн шу­гам сүлжээ оруулаад тохилог байшин барих хүсэл­тэй. Гэтэл “Гангар Инвест” компани хашаагаа 40-45 сая төгрөгөөр зар.
 
 
Аль эсвэл нэг өрөө байр авах болом­ж­той гэсэн саналыг тавьж байгаа юм. 45 сая төг­рөгөөр жижигхэн нэг өрөө байр л авна. Тэр байранд гурван айлын 10 гаруй ам бүл амьдрах уу. Үүний оронд бид газартайгаа байсан нь хамаагүй дээр” гээд иргэдэд үнэхээр хохиролтой санал тавьж байгааг шүүмжилсэн юм.
 
 
Харин “Гангар Инвест” компанийн Баянзүрх дүүр­гийн наймдугаар хороон дээр ажиллаж буй төслийн менежер Л.Бат-Амгалангаас үүсээд буй нөхцөл байдлын талаар тодруулахад “Бид нийслэлээс баталсан жур­мын дагуу ажиллаж байгаа.
 
 
Айл өрхүүдэд газраа мөнгөөр чөлөөлөх, байраар солих, инженерийн шугам сүлжээ тавих саналуудыг тавьсан. Хашаандаа 4-5 айлтай иргэд асуудал гаргаж байгаа. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн жур­мын дагуу зөвхөн газар эзэм­шигчтэй гэрээ байгуулна гээд заачихсан байхад нэг хашаанд байгаа 4-5 айл бүгд байр авна гэдэг.
 
 
Бид бүх айлыг байраар хангах боломжгүй. Харин хашааны эзнээс бусад айлыг байрны хөнгөлөлттэй зээлд хамруулж болох саналыг тавьж байгаа” гэв.
 
 
 
Эх сурвалж: 



Мэдээг түгээх


Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Newsbox.mn хариуцлага хүлээхгүй болно. Newsbox.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0
Cүүлийн сэтгэгдэл